Бизнес

Франсуа Валериан: Шүгэл үлээгчдийг эрх зүйн орчноор хангахад илүү анхаараарай

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Швейцарын Давос хотноо зохион байгуулагдаж буй Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцох үеэрээ “Transparency International” байгууллагын Ерөнхий захирал Франсуа Валериантай уулзлаа.

Уулзалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс дахь авлигын гэмт хэргийг бууруулахад хууль эрх зүйн хүрээнд хийгдэж буй зарим ажлаас танилцуулсан.
Засгийн газрын зүгээс 2023 оныг “Авлигын эсрэг жил” болгон зарлаж, “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр” баталж, авлигатай хийх тэмцлийг системийн түвшинд авч үзсэн учраас өмнөх жилүүдээс илүү олон авлигын хэрэг илчлэгдсэн.

Тиймээс 2023 оны Авлигын төсөөллийн индексээр Монгол Улсын авлигын үзүүлэлт хойш татагдах байх. Гэхдээ Засгийн газар авлигатай системийн, эрхзүйн түвшинд тэмцэж, авлигаас ангижирах зорилтоо тууштай хэрэгжүүлнэ. Авлигын төсөөллийн индексээр ухрах нь авлигачдад өөрсдийгөө хамгаалахад таатай шалтаг болох эрсдэлтэй. Иймд Монгол Улсын энэхүү бодит нөхцөл байдлыг авч үзэх нь авлигатай хийх тэмцэлд чухал нөлөөтэй гэж хүсэж байгаагаа илэрхийлсэн юм.

“Transparency International” байгууллагын Ерөнхий захирал Франсуа Валериан Монгол Улсын Засгийн газар авлигатай хийж буй тэмцлээ цаашид тууштай  үргэлжлүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ. Авлигын олон асуудлыг ил болгосон нь хэсэг хугацаанд тухайн улсынхаа нийгэмд бухимдал үүсгэж, үл ойлголцолд хүргэж болох ч гэлээ авлигатай тэмцсэнээр эдийн засаг хүртээмжтэй болж байгааг иргэд, олон нийт ойлгож дэмжсэнээр ялах боломж нэмэгддэг. Тиймээс бид авлигатай тэмцэж тэмцэж байгаа Монгол шиг орныг цаашид ч дэмжсээр байх болно гэв. Мөн шүгэл үлээгчдийг эрх зүйн орчноор хангахад илүү анхаарах хэрэгтэйг зөвлөлөө. Цаашид Монгол Улсын Засгийн газраас авлигатай хийж буй тэмцлээ тууштай  үргэлжлүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.

“Transparency International”-аас гаргасан судалгаанд Монгол Улсын үзүүлэлт 2017 оноос хойш тасралтгүй муудсан 10 улсын нэг. Мөн авлигын гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2021 онд нэг их наяд төгрөг байсан бол 2022 онд таван их наяд төгрөг болсныг АТГ-аас мэдээлж байсан юм.

Холбоотой мэдээнүүд

Back to top button